www.zbu.edu.mn

СУДАЛГАА

И-мэйл Хэвлэх PDF

Зая бандида Лувсанпэрэнлэй

 

Олон мэргэдийн дунд Зая бандида гэж алдаршсан шашин соёлын нэрт зүтгэлтэн Лувсанпэрэнлэйн намтар судлалд нь тулгар сурвалж болох нэгэн төвд намтрын талаар энд өгүүлэх юм. Энэ намтар зохиолын нэрийг Төвд хэлнээс орчуулвал «Зая бандида Лувсанпэрэнлэйн намтар хүслийг хангагч галбарваас мод» хэмээх бөгөөд 86 хуудас бичмэл судар байсан билээ. Миний бие энэ номыг 10-аад жилийн өмнө Гандан хийдийн лам Ж.Доржжанцан гуайгаас авч үзэж уншиж товч тэмдэглэл хийж үлдсэн юм. Зая бандида Лувсанпэрэнлэйн энэ намтар төвдийн цэгжад гэдэг шүлэглэн бичих зарчмаар зохиогдсон, дотроо 44 бүлэгтэй нилээд дэлгэрэнгүй бүрэн хэмжээний намтар юм. Уг намтрын төгсгөлийн үгэнд «Ловон ринбучи Лувсандондов», үзэмчин Чин вангийн хатан Агваансодном, Эрдэнэ мэргэн бандидаагийн гүнж Лувсанванжил нарын хүсэлтээр Заяын шавь Ганжуурваа мэргэн номун хан зохиов» гэж байна. Эл намтрыг зохиогч Ганжуурваа номун хан нь Зая бандида Лувсанпэрэнлэйн дотно шавь Ганжуурва Лувсанцүлтэм мөн бөгөөд «Ганжуурваа багш номун хан» «Ганжуурваа эрдэнэ мэргэн» гэдэг цолтой байсан гэж 1992 онд Ланжуугийн Их сургуулиас эрхлэн хэвлүүлсэн -«Цастны мэргэн лувсанцүлтэмийг төвд монгол алин болохыг тодорхой хийсэн судалгаа хараахан гараагүй байна. Ганжуурваа номун хан Зая бандида Лувсанпэрэнлэйн эл намтраа хэдэн онд бичсэн талаар тэмдэглэл бичээгүй учраас энэ намтар хэдэн онд зохиогдсон нь тодорхойгүй байна. Энэ намтарт Зая бандида Лувсанпэрэнлэйн урьд төрөл нь Энэтхэг Төвдөд хувилсан талаар товч дурдаад төрж мэндэлснээс нь таалал төгсөх хүртэл бичсэнээс үзэхэд 1715 оноос хойш зохиогдсон нь тодорхой болно. Энэ намтрыг Зая бандидын өөрийн нь зохиосон «Миний орчлонд бэдсэн ёс машид тодорхой зул» хэмээх шүлэглэсэн хураангуй намтартай харьцуулан үзэхэд нилээд ялгаатай тал байгаа юм. Ганжуурваа номун ханы зохиосон намтар нь Зая бандидааг төрж өсөөд ном эрдэмд суралцан, төвдөд очсон, Монголдоо буцаж ирээд олон аймаг хошуунд залагдан явсан, Өвөрмонгол, Бээжин, Хөх хот, Долнуур, Утайн орноор явсан болон таалал төгсөх хүртэлх он жилүүдийг маш тодорхой гаргасан байна. Харин Заяын өөрөө зохиосон намтарт Зая бандида Төвдөд 18 жил сургуульд яваад буцаж ирсэн 1680 он хүртэл гаргаад цааш нь дутуу орхисон байгаа юм. Доктор Хүрэлбаатар Зая бандидаагийн өөрөө зохиосон хураангуй намтрын талаар нарийвчлан судалгаа хийж «Огторгуйн цагаан гарди» гэдэг номондоо нийтлүүлсэн тул Ганжуурваа номун ханы намтарт гарч байгаа адил төстэй хэсгий нь давхардуулж ярилгүй 1680 оноос хойш таалал төгссөн 1715 он хүртэлх зарим Зая бандидаагийн үйл амьдралтай холбоотой гол гол зүйлийг гаргахыг зорьсон юм. Барагдах хэмээх гал барс (1686) жилд халхын Хүрэн бэлчир гэдэг газар Халх Өөлдийн найрамдлын чуулганд Гандан ширээт Лодойжамц, Өндөр гэгээн, Жанжаа хутагт нар ирж чуулганд оролцоход Зая бандида очиж оролцсон байна. 1688 оны луу жилд Халхад хямрал самуун гарахад өвөрлөгчийн нутаг руу явсан бөгөөд Хөх хотын Ачит цорж урихад хийдэд нь очсон гэжээ. 1689, 1690 онуудын Заяын намтар тасареныг тэмдэглэсэн байна. Тэндээсээ хөх хотын Ачит цоржийн хүсэлтээр чойр дацан байгуулж Ачит цорж болон бусад шавь нарт ном заасан байна. 1693 онд Түмэдийн ноёдын хүсэлтээр Түмэдэд очиж шашин номын үйлсийг дэлгэрүүлжээ. Энэ жилийн намар Өндөр гэгээний өргөө Долнуурт байхад очиж бараалхжээ. Мөн өөрийн хүрээндээ Дэмчог дацан Гүнриг дацанг шинээр нэмж 5 дацан байгуулсан байна. 1698 онд Өндөр гэгээнд бараалхаж даншиг өргөсөнд Өндөр гэгээнээс хариу даншигийг Зая бандидаад өргөсөн байна. Энэ жилийн цагаан сарыг Бээжинд өнгөрөөжээ. Энэ үед «Дээдийн номыг хүртсэний тэмдэглэл тодорхой толь» буюу сан-ег гэдэг алдарт зохиолоо бичиж эхлэсэн байна. Зуны улиралд Шар мөрөн хэмээх газарт саатан сан-ег номоо ихэвчлэн бичсэн байна. 1699 онд өөрийнхөө хүрээнд цагаан сар гаргаад Манж эзэн хааны амгаланг эрж бараалхсанд эзэн хаанаас их хүндлэл бэлэг сэлт хайрласан байна. Ганжуур ном бүтээж сүмд нэр асуухад Содном-онзод-лха-хан гэдэг нэрийг өгсөн байна. 1701 онд бие нь чилээрхсэнд Өндөр гэгээн Жанжаа хутагт нарт айлтгаж гүрэм заслыг хийлгэсэн байна. Мөн үе үе Жарантайн халуун ус, даагын рашаанд саатдаг байв. 1702 онд Сан-ег гэдэг 4 боть зохиолоо гүйцээн бичсэн байна. Хөх хот Долнуурыг дайрч буцахдаа Өндөр гэгээнд бараалхсан байна. 1704 онд Тамирын голд саатан байна. 1705 онд биеэ чилээрхэхэд Өндөр гэгээнд бараалхаж аврал асуухад Цэдүв уншуулахыг зөвлөсөн байна. 1706 оны намтар тасрав. 1707 онд эзэн хаанд бараалхаад Утайд Очиж мөргөл хийсэн байна. 1709 онд үзэмчин вангийн хүсэлтээр Дорпэрэнгийн ванг тавьжээ. 1710 онд Халх ван Равдангийн заллагаар очиж цагаан сарыг өнгөрөөв. Өндөр гэгээнд бараалхан даншиг өргөөд хүрээндээ ирж Сан-егийнхээ лүнг шавь нарт уншжээ. 1711 онд эзэн хааны амгаланг эрж очихдоо Төвдөд явах бодолтойгоо айлтгахад ихэд сайшаан дэмжсэн байна. 1713, онд Хасуйн голд модон дугана бариулж цогчэн хуруулсан байна. Өндөр гэгээнд бараалхаж Төвдөд явах тухайгаа айлтгахад нас ахиж байгаа зэрэг шалтгаанаар хориглосон байна. Согтоогч хэмээх хөхөгчин хонин жилийн хаврын тэргүүн сарын хоринд таалал төгссөн байна. Энэ нь 1715 он юм. Зая бандида Лувсанданзанжанцан нарын дотно шавь бөгөөд Монгол газар шар малгайтны шашны ёсыг тогтооход хамтран зүтгэгчийн нэг юм. Монголд сүм хийд байгуулж хуврагийн аймгийг тогтоож олон шавь нарт гэцүл гэлэн санваар өгч номын авшиг хүртээж шашин номын бүхий л үйлсийг удирдан оролцож байсан байна. Зая бандида дан ганц шашин номын ажлыг голлосонгүй төрийн чухал ажил үйлсэд ч оролцож байжээ. Халх Өөлдийн олон аймгийн чуулган болон Манж эзэн хааны багш Өндөр гэгээн Занабазар, Жанжаа хутагт нартай хамт Манжийн эзэн хаантай удаа дараа зөвлөлдөж байжээ. Өвөр Монголын олон хошуудаар уригдан залагдаж сүм хийд байгуулах ном заах зэрэг ариун үйлсийг олонтаа эрхлэж байв. Тэрээр Цаст төвдийн номын мэргэдийн дунд ном эрдмээрээ гайхагдан Сэра хийдийн цанид чойрын дацанд байхад нь Халхын Шиваа Ширээт Лувсан, Дарва бандида Совджамц нар очиж Зая бандидааг шүтэн судар тарнийн гүн ухаанд ном эрдэмтэй олон шавь нарын дотроос нь хамгийн дотно зүрхний шавь монголын томоохон хутагтуудын нэг Шиваа ширээтийн анхдугаар дүр Лувсан Шиваа билээ. Ганжуурваа номун ханы зохиосон Заяын намтар бол Зая бандидаагийн үйл амьдрал түүхийг судлахад шинжлэх ухаан, судалгааны чухал ач холбогдолтой зохиол гэж үзэж байна. Ганжуурваа номун ханы энэ намтраас хураангуйлан бичсэн «Зая бандида Лувсанпэрэнлэйн хураангуй намтар» гэсэн 19 хуудас бичмэл төвд судар байна. Энэ төвд бичмэл сударт Зая бандида Лувсанпэрэнлэйн намтрыг Ганжуурваа номун ханы бичсэнээс он цагий нь голлон түүж хураан бичээд Заяын II дүрийн хувилгаан Лувсанняндагнамжал, III дүрийн хувилгаан Лувсанжигмэддорж, IV дүрийн хувилгаан Лувсанчоглайнамжил эдгээр гурван дүрийн товч намтрыг нэмж оруулан бичсэн нь Заяын судлалд чухал хэрэглэгдэхүүн болох бизээ. Энэ хураангүй намтрын дотор нэгэн сонирхолтой мэдээ байгаа юм. Энэ нь догшин хэмээх төмөр бичин жилээс (1680) урагших намтрыг Зая бандида өөрөө зохиосон түүнээс хойш нь нэмж Эрхэм тойны зохиосон монгол тэмдэглэлд ламын зарлигаар Тунамал унзад түүний бичсэн бүдүүн тоймыг Зая бандидаад үзүүлж байсан гэдэг тэмдэглэл байгаа нь тун сонирхолтой байгаа юм. Үүнийг эрдэмтэн мэргэд тодруулан судлах буй заа. Монгол мэргэдийн номын алдар замбуулинд мандан бадрах болтугай.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 6-р сарын 22, Лхагва гариг, 06:21
И-мэйл Хэвлэх PDF

Өндөр гэгээн Занабазар

Халхын анхдугаар Богд их соён гэгээрүүлэгч өндөр гэгээн Занабазар арван нэгдүгээр жарны хөхөгчин гахай жилд эцэг түшээт хан Гомбодорж, эх хатан Ханджамц хоёрын гэрт мэндэлсэн байна. Гурван насандаа урьд өмнө ном судар зааж цээжлүүлээгүй байхад өдөр бүр Жамбалцанжодыг уншиж байхад нь бүгдээрээ гайхамшигтай болсон. Дөрвөн настайдаа Жанбаалин Номун хаан дахь үргээж гэнэн санваар өгч Ишдорж (занабазар) хэмээх алдрыг олжээ. Энэ үед Азарын хар хэл, төвд хэлийг аяндаа мэдэж, зарлиг зохиолыг хайрласан ээрэг гайхамшигт элдэв зүйлд дулдуйлан Төвдөд элч илгээж Банчин Богд, тавдугаар Далай лам , зарим чойжин сахиусанд нарийвчлан айлтгулсны хариуд Жавзун Даранатын хувилгаан мөн гэсэн хариу илрүүлсэн байна. Таван настайд нь Ширээт цагаан нуур гэдэг газар ширээнд залж Монголын шашны тэргүүн богдоор өргөмжилсөн байна. Бинсаа брүлгүү Лувсанданзанжацаас лам хуврагийн сахил хүртэж Лувсандамбийжалцан гэдэг алдрыг олжээ. Төвдөд элч илгээж тавдугаар Далай ламын дотно лам Нилваа цорж Намхайсодномдагва гэдэг эрдэмтэй ламыг урин залж ёнзин багшид шүтжээ. Багш нараасаа судар тарнийн олон номлолыг сонсож, эрдэм ухаанд мэргэжсэн байна. Арван гувантайдаа Баруун хүрээг байгуулжээ. Арван тавтай Үй Занд очихоор замдаа Гүмбүм хийд. Жачун хий. Рандэн хийд, Ринчэнбраг, тансаг гандан чойнхор, Даглүн зэрэг хийдүүдээр дайрч Гандан хийдэд морилон ирэхэд нь шар жагсаалаар угтан хүндэлсэн байна. Цааш Лхас, Брайвун, Сэра хийдэд очиж улмаар тавдугаар Далай лам Агваанлувсанжамцад бараалхаж мөрөгсөн байна. Хийдүүдэд өргөл буянйг ихээр үйлдээд Дашлхүмбэ хийдэд хүрч Банчин богд Лувсанчойжижалцанд бараалхан мөргөж уулзсан байна. Тэр үед Банчин богд нас сүүдэр өндөр наян хоёр хүрсэн боловч маш их баясаж өдөр бүр бараалхахад нь зарлиг сургаалаа хайрладаг байжээ. Банчин богдоос гэцэл санваар хүртсэний гадна олон зүйлийн авшиг ном хөтлүүлж хүртсэн байна. Тэрээр төвдөд удаан сууж ном сурж судлах хүсэлтэй байгаагаа банчин богдод айлтгасанд одоо үед алс холын Монгол оронд хуврагийн аймгийг байгуулж , шашин амьтны тусыг үйлдвэл чухал хэрэгтэй байгааг анхааруулж айлдсаныг даган Төвдөд сургуульд суухаа хойшлуулж төмөр туулай ламд бараалхан олон номын эш хөтөлбөрийг хүртжээ. Гэгээнтнээс Монголд хийд бариулах талаар асууж айлтгахад тавдугаар Далай лам машид баясан зарлиг зөвлөгөө өгч Төвдийн засгийн газраас дацангийн хамба лам. Шанзав, нярав, сойвон, донир, эмч, унзад, бурхан зураач зэрэг тавиад лам нарыг томилж гэгээнд Жэвзүндамба хутагт цол жуух тамга тэмдгийг соёрхсон байна. Тэндээс эргэж Амдогинн хийд олноор дайрч халх нутагт ирэх замд нь Ламын гэгээн Лувсанданзанжалцан тосож бараалхсан байна. Тэр жилийнхээ өвөл өргөөндөө морилон иржээ. Усан луу жилд (1952) Халхын долоон хошууны ноёд Эрдэнэзуугийн ойролцоо Өндөр гэгээнийг залж, өлмий бат орших мандал өргөж, чуулган хийжээ. Энэ үеэр хувилгаан Лувсанпэрэнлэйг хүндлэн сайн ноёны хувилгаанд алдаршсаны учир шалтгаанаар “Ноён хутагт” цол хайрлажээ. Харин Зая бандида гэдэг цолыг сүүлд тавдугаар Далай лам хайрласан юм. “Ялгуулсан” хэмээх хөх морин жилд (1654) Банчин Богдын зарлигийн дагуу Хэнтий ханы ойролцоо Их хүрээ Ганданшадивлин хийдийг байгуулжээ. Өндөр гэгээн өөрийн хүрээ өргөөнөсөө холгүй орших аглаг орон хангайн “Д. Үвханэвамгачил” хэмээн алдаршсан сүмд цййн бараа бологчийнхоо хамт очиж, бясалгал даяан хийж суудаг байжээ. Тэр үед Банчин Богд наян найман настайдаа бие лагшин нь чилээрхснийг зөн мэдлээрээ болгоогоод, цөөн бараа бологчидтойгоо хөхөгчин хонин жилийн (1655) намар морилж , Дашлхүмбэ хийдэд очиж. Банчин Богдод мөргөж , бат оршил чилээ арилсан гэдэг. Ингэж Төвдөд залрахдаа рид худилгааны чадлаар долоо хонгийн дотор очсон нь үнэн болохыг намтруудад тодорхой өгүүлсэн байдаг. Гал бичин жилд эргэж өөрийнхөө хүрээнд ирсэн байна. Гэгээн нь шинээр сүм хийд байгуулахыг удирдан зөвлөж , бурхан шүтээн шинээр бүтээж, сүм хийд, аймаг, жас, сүрэг тэргүүтнийг эхлэн байгуулжээ. Хурлын уншлага, жаяг , сургууль, дэглэмийг ч олон жилийн турш нарийвчлан гаргасан байна. Зурмал бурхан “Тонвадондон” алтан шармал гурван бурхныг бүтээж, эзэн хаанд өргүүлсэнд хаан маш ихэд таалан баясаж, хариуд нь их бэлэг сэлт явуулж байжээ. Хааяа хааяа Төвдөд элч илгээж Далай лам, Банчин Богд болон Төвдийн томоохон хийдүүдэд өргөлд өргөж, хурал хуруулж, буян үйлддэг байжээ. Төвдөөс ганжуур судар тэргүүтэн олон нандин шүтээнийг залж авчирсан байна. Богд өөрөө ганжуурыг монгол хэлэнд бүрэн орчуулах таадалтай байсан боловч цаг хямарч бүтээгүй юм. Гал барс жилийн (1686) намар хүрэн бэлчирт болсон “Халхын долоон хошуу. Ойрадын их чуулган ”-д Далай ламыг төлөөлсөн Гандан ширээт, Манж эзэн хааны элч Арни-Алихан амбан тэргүүтэн ихэс ноёдын чуулганд голлон оролцсон байна. Тэр чуулганаас Зая Бандидын хийдэд залагдан дайраад өөрийнхөө хүрээнд морилжээ. Тэр үед халхын баруун урианхай, өөлдийн хооронд хямрал гарсны улмаас шороо луу жилийн эхээр Галдан Бошигт цэрэг дайчлан халхад довтлох замдаа Эрдэнэзуу хийд, хүрээ Ганданшадивлин, Өндөр гэгээний хүрээ зэрэг сүм хийд , бурхан шүтээнийг эвдэн сүйтгэсэн юм. Энэ үед Өндөр гэгээн Манж эзэн сүйтгэсэн хааны ивээлд багтахаар Ламын гэгээн Лувсанданзанжалцан тэргүүтэй зуу гаруй бараа бологсдын хамт Халхын зүүн хилийн ойролцоо ирээд, хилд суух амбанаар дамжуулан эзэн хааны сонорт айлтган мэдүүлсэнд түр хугацаагаар хамгаалалтандаа авсан байна. Цагаагчин хонин жил (1691) –ийн дөрвөн сард Өндөр гэгээн, Түшээт хан голлосон Халхын ноёд Долнуурын газарт манжийн Энх-Амгалан хаанд бараалхаж, чуулган хийж, манж эзэн хааны ивээлд багтсан байна. Манжийн эзэн хаанаас халхын ихэс лам ноёдтой уулзсан энэ газарт Халхын долоон хошууны лам нар голлсон сүи хийд хэрэгтэйг эзэн хаан зөвшөөрсний дагуу Долнуурын зүүн сүмийг байгуулан эзэн хааны зарлигаар Өндөр гэгээн нэгэн шавийг Да ламаар тушаан тавьсны хойд дүрийн хувилгаад нь Долнуурын сүмд суух Ноён цорж болжээ. Өндөр гэгээн шавь нартайгаа хурал номыг залгуулан “хэн бүхэн” гэдэг газар гурван жил хүртэл байршин суугаад нутагтаа буцжээ. Хожим сүүлээр усан нохой, усан гахай жилд Өөлдийн Цэрэндондов, Дорждамба, Гандандондов хэмээх гурван ноён халхад цэрэг хөдөлгөн довтолж, Цэцэн вангийн хатан, хүү болон лам Шива тэргүүтнийг олзлон аваачсан. Мөн сүм хийдэд хорлол хөнөөл үйлдэн Эрдэнэзуугийн хийдэд ирэхэд чулуун арслан нь хүрхэрсэн бөгөөд цэргийн жанжин нь зуу бурханы алтан нигуурыг сэлмээр далайхад Гомбо гүр сахиус хилэгнэсэн төдийгөөр тэр жанжин цусаар бөөлжиж үхсэнд цэргүүд нь айцгааж, жанжныхаа хүүрийг моринд ачаад хойд зүг рүү буруулан Орхон голыг гатлах үед гол үерлэж, олон цэргүүд үхэцгээсэн байна. Тэр үед халхаас Данзандорж ван хоёр гурван мянган цэрэгтэй байлдхж, Өөлдийн цэргийг сарниан дарсанд эзэн хаанаас түүнд хошой чин вангийн хэргэм зэрэг хайрласан зэрэг нь Эрдэнэзуугийн түүхэнд байдаг болой. Эртний шүтээн Эрдэнэзууг цэргийн аюул гурав дахин ирэхэд нэг их гэмтэлгүй гарна гэж түүхэнд байдгийг хиргис хийгээд Галдан Бошигт, жаал Цэрэндондов гурвын цэрэг мөн болов уу гэж саналаа. Өмнө өгүүлсэн цагаагчин хонин жилээс хойш олон дахин , зарим жилүүдэд цагаан сараар манжийн Энх-Амгалан хааны амар мэндийг айлтгасан эзэн хаанд бараалхаж Бээжинд очдог байжээ. Хөх нохой жил (1694) Их хүрээнд дайн самуун дэгдэхийн үед гэмтсэн язгуурын таван бурхан, найман суварга зэрэг их бага олон шүтээнийг засан сэлбэж аравнай өргөсөн бөгөөд ламын гэгээн Лувсанданзанжалцан хүрээний олон шавь нарт гэцэл, гэлэн сахил хүртээсэнд өндөр гэгээн таалан баясаж. “Хамба номун хан” цол өгч, тэрнээс хойш ламын гэгээн нь “Ханчинчойжал” хэмээн алдаршжээ. Цагаагчин могой жил (1701) Эрдэнэзууд очиж эвдэрсэн сүм дуган, бурхан шүтээнийг сэтгээн засварлаж аравнай өргөсөн байна. Манж эзэн хаан өндөр гэгээнийг олон дахин сорьж туршиж байсан боловч, түүний эрдэм чадлыг бишрэн хүндэтгэж Жэвзүндамба хутагтаас илүү айлдаж байжээ. Урьд өмнө хүрээ рэбогэжээ Ганданшадивлин хийд дайн самууны хөлд нэрвэгдэж гэмтсэн зэрэг шалтгаанаар тавдугаар Далай ламаас өөр газарт нүүлгэхийг айлдсаны дагуу тал нохой жилд (1706) Их хүрээг “Цэцэрлэгийн эрдэнэ толгой” хэмээх газарт зөөж, шинээр байгуулж хурлын уншлага, ая дан, хөгжим, балин тахил бэлтгэх ёс 5 журам ламрим, ложин, жидрэм, зогрим, эм, зурхай, урлах ухаан тэргүүтнийг нарийвчлан сургаж зааж байсан байна. Усан барс жил (1722) манжийн Энх-Амгалан хаан таалал төгссөний хойдын буян ерөөлийг үйлдүүлэхээр манжийн Найралттөд хааны заллагаар Бээжинд морилжээ. Усан туулай жилийн цагаан сарыг Бээжинд өнгөрөөж хаврын тэргүүн сарын арван дөрвөнд наян есөн насандаа таалал төнсжээ. Өндөр гэгээн нь олон дээд төрөлхтний сайн номлол байсаар байхад нь над адил нь шинээр ном зохиохын хэрэг байхгүй гээд ном олныг бичих таалалгүы байсан бөгөөд түүний зохиол ном нь жижиг нэг боть төдий байна гэж Зая Бандида айлдсан байна. Түүний дотны шавь Зая Бандида Лувсанпэрэнлэй намтраа хэлж өгөхийг өндөр гэгээнээс дахин дахин айлтгаж , арван хоёр жилийн туршид хүсэхэд соёрхож зөвшөөрөөгүй байна. Харин заримдаа наргиан болгож надад мэргэдийг баясгаад байх намтар байхгүй. Боов идсэнээ хэлэхгүй люм бол өөр юм байхгүй гэж айлдаж байсан байна. Үүнээс үзэхэд эрдэм ухаан, чадлаа ил гаргалгүй дотроо нууж эгэл жирийн даруу байдлыг эрхэмлэдэг байжээ.

Зохиолуудын ерөнхий тойм

Өндөр гэгээн Занбазар “Сүнтор”-ын гарчигаас харахад элдэв зүйлийн мөргөл залбирал, ерөөл зан үйлийн чиглэл голлосон зуун хориод нэр төрлийн ном зохиосон байна. Үүнийг Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны номгоны дарь эх ламтан Агваанчүлтэмжамцын бичсэн Өндөр гэгээний “Сүнтор”-ын гарчгийг баримтлан хэлж байна. Боржигоны баруун чойрын гэвш лам иштавхай 1961 онд шинэ делид хэвлүүлсэн монголын зарим хутагт , хувилгаад эрдэмтэн лам нарын намтар, сүмбүмийн гарчиг “Дурдлыг сэргээгч толь” хэмээх номонд Өндөр гэгээний товч намтар болон цөөн тооны зохиолуудын гарчгийг хэвлэсэн байдаг. Өндөр гэгээний зохиолуудыг харахад ихэвчлэн шашны дотоод зан үйлд зориулсан бясалгал, уншлага, залбирал, мөргөлийн чиглэлээр олон жижиг ном зохиосон байна. Ламын гэгээн Лувсанданзанжалцан, Зая Бандида Лувсанпэрэнлэй нарын бат орших залбирлуудаас гадна Жалханз хутагт Лувсанданзанжамц, Шива ширээт Лувсан нарын айлтгасан залбирлууд, мөн Ганжуур, Данжуур, Жадамба, Сундуй, Банзрагч. Ламримчим зэрэг судар номыг хэвлэхэд зориулж хийсэн тэмдэглэлүүд , мөн Гомбо, Чойжал, Намсрай зэрэг бурхдад зориулсан Чайбүл зэрэг номуудыг дурдаж болно. Монголын ард түмний дунд үлэмж дэлгэрч, ихэд алдаршсан гол зохиол нь соёмбо үсэг, Жинлавцогзол, Маанийн дүвтавсамбу зэрэг зохиолууд юм.

И-мэйл Хэвлэх PDF

"Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Монголчуудын оруулсан хувь нэмэр"

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн захирал, доктор, профессор, Гавж Ш. Сонинбаяр нь  “Өндөр гэгээн Занабазарын Монголын шашин соёлд оруулсан үүтгэл” сэдвээр шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнд 1999 онд докторын зэрэг хамгаалсан. Монголын түүхч, гүн ухаантан Зава Дамдины намтарын орчуулга зэрэг монголын номын мэргэдийн судалгааны бүтээлүүдтэй.

 

Монгол оронд бурханы шашин дэлгэрч байсан тухай түүхийн зохиолуудыг Дээд Монголын Сүмбэ хамба Ишбалжир, Баруун Түмэдийн Цэмбэл гүүш, Баарин хошууны Дармадала, Халхын Зава Дамдин гавж нарын зэрэг эрдэмтэн мэргэд “Хорчойнжүн” нэрийн дор төвд хэлээр туурвиж байсан юм.

1931 онд зохиосон Зава Дамдин гавжийн “Хорчойнжүн” нь төвд хэлээр байгаа бусад түүхэн сурвалж бичгүүдээс ихээхэн ялгаатай байгаа юм.Зава Дамдин гавж энэхүү “Хорчойнжүн” зохиолдоо Монголд бурхны шашин дэлгэрсэн түүхийг 3 үе болгон авч үзжээ.Бурхны шашин дэлгэрсэн 1-р үеийн дэлгэрэлтийг Энэтхэгээс Ли Хотан, Дорнод Туркестанаар дамжин Монгол оронд шашин дэлгэрсэн үе гэж үзжээ.2-р үеийн дэлгэрэлт нь Чингэс хаанаас Тогоонтөмөр хааныг хүртэлх их хаадууд Төвдийн Сажийн ёс, Гармавын ёсны ихэс лам нарыг урин залж шашин дэлгэрүүлж байсан үе юм.3-р үеийн дэлгэрэлт нь Монголын “Алтан хаан” 3-р Далай лам Содномжамцыг Монголд урин залж Богд Зонхавын шар малгайтны ёсны шашныг дэлгэрүүлж байсан үе юм.

Монгол нутагт оршин тогтнож байсан эртний Хүннү, Нирун, Уйгурын үед Бурханы шашин дэлгэрч байсныг түрүү үеийн дэлгэрэлт гэж гаргаж тавьсан нь Монголын шашны түүх бичлэгт гарсан шинэлэг зүйл төдийгүй Монголын шашин соёлын түүхийг урагшлуулсан юм. V зууны үеийн Хятадын Фасян хуушаан, VII зууны үеийн Хятадын Тансан лам нарын Энэтхэгт зорчсон замын бичгээс иш татаж, эрт дээр үед монгол оронд бурхны шашин дэлгэрч байсан тухай бичсэн юм. VIII зууны үед Монголд оршиж байсан Уйгурын хаант улсын нийслэл “Хар балгаснаас холгүй Орхон голын хөндийд Бурхан багшийн хөрөг дүрийг залсан шүтээн сүм байгуулсан нь Одоогийн “Эрдэнэ зуу” хийдийн үүсэл гэж үзсэн байна. Эрдэнэ зуугийн талаар Зава Дамдин гавж ажиглалт, судалгаа хийхдээ түүхийн зарим сурвалж бичгүүдэд Хөх хотын зуугаас үлгэр авч Эрдэнэ зууг байгуулсан гэдэгт эргэлзэж Хөх хотын зуу, Эрдэнэзуу хийдийг сайтар судалсны үндсэн дээр Алтан хааны байгуулсан Хөх хотын зуугаас Эрдэнэзуу нь их эрт цагт үүссэнийг тогтоосон байна. Уйгурын хаан Богочирын үүсгэн байгуулсан Эрдэнэзуутай нэгэн үед Уйгурын хааны хатан Бивлэг Сэлэнгэ мөрний хөвөөнд зуу шүтээн байгуулж байсны туурь нь одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт байгаа юм.

Зава Дамдин гавж эрт цагт Энэтхэгээс шашин дэлгэрүүлж байсны жишээ баримт болгож Монгол хэлэнд уусаж шингэсэн санскрит хэлний олон үг байгааг тэмдэглэсэн байна. Судар шаштир зэрэг санскрит хэлний үг нь Монгол хэлэнд уусан шингэж одоо ч хэрэглэгдсээр байна. Зава Дамдин гавж “Хорчойнжүн” зохиолдоо Бурханы шашин Хятад, Төвдөд дэлгэрэхээс өмнө Монголд дэлгэрч байсан баримтуудыг дурьдсан юм.

II үеийн дэлгэрэлтийн үед Хубилай сэцэн хаан Төвдийн Сажын ёсны их лам Пагва лам Лодой-жалцанг урин залж шашин дэлгэрүүлж байжээ. Номт хаан Хубилай сэцэн нь Пагва ламаас Сажын ёсны Ядам бурхан Хэважрын авшиг хүртсэн байна. Хубилай сэцэн хаан нь хос ёсны номлолоор шашин төрийг барьж байв. Энэ нь Монголын номт хаадын шашин төрийн бодлого болон хөгжсөн байна. III-зууны үеийн дэлгэрэлтэд хамаарах зүйлээс тодруулж яръя. XVI-р зууны үеийн Монголын эрдэмтэн Гунгаа-Одсэр тэргүүтэй гүүш лозова нар Бурхан багшийн айлдвар зарлиг Ганжуур судрыг Монгол хэлнээ бүрэн орчуулж хэвлэсэн байна. Бурхан багшийн зарлиг “Ганжуур”-ыг орчуулсан нь Бурханы шашныг хөгжүүлэхэд оруулсан билэг оюун төгс монголын эрдэмтэдийн гавъяа гэж үзэлтэй.

Өвөрмонголд шашин дэлгэрүүлсэн Нэйж тойн богд Урадын мэргэн гэгээн Лувсандамбийжанцан нар хурал номын уншлагын зан үйлийг монгол хэлээр явуулж байсан нь Монголын буддизмын нэгэн онцлог юм. Монгол оронд Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Ойрдын Зая бандида Намхайжамц, Нэйж тойн богд, Өндөр гэгээн Занабазар, Буриадын зая хамба Дамбадаржаа Баруун нарын эрдэмтэн мэргэд Монгол, ӨвөрМонгол, Халх буриадад шашиныг машид дэлгэрүүлж байжээ. Ялангуяа халхад Бурханы шашныг дэлгэрүүлэхэд Монголын анхдугаар Богд Жэвзүндамба хутагт Занабазар тэргүүтэй найман богдууд ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. 1654 онд Их хүрээний суурь тавигдаж удаа дараагийн Жэвзүндамба хутагтууд хөгжүүлж өргөтгсөөр XIX зууны үед Монголын шашин соёл боловсролын төв Да хүрээ болж чадсан юм. Да хүрээнд гүн ухааны 3 дацан, тарнийн гүн ухааны Жүд дацан, Зурхайн дацан, Манба дацан зэрэг төрөлжсөн 12 дацантай 10,000 гаруй лам нартай томоохон хийдболсон юм. Монголын ахндугаар богд Жэвзүндамба, Ламын гэгээн Лувсанданзанжанцан, Заяа бандида Лувсанпэрэнлэй нар нь төвдийн Дашлхүмбэ хийдийн хурал номын уншлагын зан үйлийг Монгол газар дэлгэрүүлэхдээ 3-н дэг сургууль гаргасан байна. Энэ нь Монголын номт хаадын шашин төрийн бодлого болон хөгжсөн байна.

Гандантэгчэнлин хийдийн Хамба лам номч мэргэн гавж Гомбожавын судалгаанаас үзэхэд их бага 5 ухааны чиглэлээр төвд хэлээр ном зохиол туурвисан 200 гаруй лам нар байгаа юм. Эрдэмтэн, доктор профессор Л. Хүрэлбаатар, зурхайч ШУ-ны доктор Л.Тэрбиш зэрэг эрдэмтдийн судалгаанаас үзэхэд төвд хэлээр ном зохиол туурвисан лам хувраг, эрдэмтэн мэргэд 300 орчим болж байна. Цахар гэвш Лувсанчүлтэмийн 1791 онд төвд хэлээр зохиосон Богд Зонхавын намтар < Дэлэг гүнжүн> хэмээх ном нь Монгол төвдийн номын мэргэдийн дунд ихээхэн алдаршсан юм. Их хүрээний цорж Агваанбалдан (1797-1864) Төвдөд байхдаа Богд Зонхавын айлдсан Ламрим чинмо (Их Бодь мөрийн зэрэг) номын бар судрын алдаа мадгийг олж зассанд Төвдийн их эрдэмтэн Жабрал Лувсаннамжил: Монголын гэвш Агваанбалдан нь бурхны шашинд ихээхэн хувь нэмэр орууллаа гэж дүгнэсэн юм. Монголын V.VI Богд Живзүндамбын ёнзин Бари Дамцагдорж (1781-1855) Төвд хэлээр судар тарнийн 24 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос <Янсан чойгор> номыг одоо хүртэл төвдийн Сэра жи дацангийн сургалтанд мөрдлөг болгосоор байна. Бари Дамцагдоржийн шавь Лувсандорж гавжийн бичсэн Судар тарнийн гүн ухаан голлосон сүнбүм зохиолуудын дотроос <Ламрим тажод> <Агрим тажод> хэмээх ном нь Монголын номын мэргэдийн дунд ихэд алдаршсаны дээр Төвдийн Гандан тивийн хувилгаан Иштүвдэнжамц сайшаан үнэлж байсан баримт байна. Энэ мэт Монголын номын мэргэдийн гүн ухааны зарим зохиолуудыг Энэтхэг, Төвдийн номын мэргэд, ихэс дээдэс лам нар сайшаан үнэлж байсан баримт цөөнгүй бий. Монголын мэргэдийн зохиосон судар тарнийн гүн ухааны зарим номууд нь Төвдөд нилээн алдаршсан байдаг. Өндөр гэгээн Занабазарын шавь Чин сүжигт номун хан Норовшийравын тарнийн гүн ухааны “Дүвтавринжүнгийн лхантав” хэмээх 3 боть ном нь Монгол, Төвдийн ван жанан хайрладаг дээдэс лам нарын гарын авлага болсоор байна.

Их хүрээний гүн ухааны 3 дацангийн сургалтын тогтолцоо нь Төвдийн Брайбун, Гандан, Сэра хийдүүдийн уламжлалын дагуу хөгжихдөө Анги Шагдар, сайн ханы Юндэндорж гавж, Өөлд Содов зэрэг шалгарсан гүн ухаантнуудыг төрүүлсэн билээ. XIII Далай лам Түвдэнжамц их хүрээнд 1904 онд морилж байхдаа анги Шагдарын гүн ухааны мэдлэг авъяас билгийг магтан сайшааж байжээ. Монголчуудын туурвисан гүн ухааны бүтээлүүдээс гадна зурхай, анагаах ухаан, дуун ухаан, зохист аялгуу зэрэг бага ухаануудын талаарх бүтээл нь Монгол, Төвдөд ихэд алдаршиж байсан байна. Жишээлбэл: XIX зууны гүн ухаантан, зурхайч Агваангэндэнгийн зохиосон зурхайн хүснэгт “Чүмэглүцо” хэмээх зохиол нь ихэд алдартай юм. XIX зууны үеийн оточ Манрамба Лүнрэгдандарын анагаах ухааны бүтээлүүдийн дотроос “Жүшийн тажод” хэмээх номоо чойрын гүн ухааны нарийвчлан шинжлэх аргаар зохиосон нь шинэлэг зүйл болсон юм.

XIX- зууны үеийн их хүрээний Лувсандаш гавж, Бизъяагийн их лам гэж алдаршсан Дамдинсүрэн нарын бичсэн дуун ухааны “Янжиндоны тайлбар” нь Монголын номын мэргэдийн дунд алдаршсан юм. XIX зууны үеийн Монголын их зохист аялгууч Жамъянгаравын “Зохист аялгууны онолын тайлбар” “Цамби даян” хэмээх ном нь Энэтхэг Төвд Монголын эрдэмтдийн бичсэн зохист аялгууны онолын тайлбаруудаас ихээхэн ялгаатай байна. Жамьянгарав Энэтхэгийн яруу найргийн онолд хийсэн тайлбараа чойрын гүн ухааны үүднээс задлан шинжилж бичсэн нь урьд өмнө нь гараагүй ном болсон юм.

XX – зууны эхэн үеийн гүн ухаантан Юндэндорж гавж Хүрээ марал хэмээх газарт буддын гүн ухааныг судлах дацан сургуулийг 1920 –иод оны орчим байгуулсан юм. Энэ Хүрээ маралын гүн ухааны сургуулийн сургалт нь Төвдийн гүн ухаантан Банчин Чоглхаосор, гүн ухаантан Хайдүв Гэлэгбалсан нарын зохиол бүтээлд тулгуурлан учир шалтгааны гүн ухааныг дагнан хөгжүүлж байсан юм.

Чингэхдээ Их хүрээний 3 дацангаас өөрийнхөө шавь нарыг хөдөө нутагт аваачин суулгаж чойрын мэтгэлцээн, дагсал хэлэлцэх, ухааруулах эрдэм ухааныг сургаж байв. Их гэвш Юндэндоржийг 1937 онд хилс хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлжээ. Хүрээ маралын гүн ухааны сургуулиас төрсөн гавж Сэдбазар, гэвш Дагийсүрэн, Гэвш Чадраа нар нь 1960, 1980, 1990-ээд оны үед Гандантэгчэнлин хийдэд хурж байсан юм. Монгол лам нарын дундаас гүн ухааны болон бусад эрдэм ухааны чиглэлээр хосгүй зохиол бүтээл туурвисан нь бурхны шашин, оюуны соёлын хөгжил цэцэглэлтэнд оруулсан хувь нэмэр гэж үзэж байна. 1936 оны байдлаар одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт 1200 –гаад том жижиг, сүм хийд байсан байна. Үүнээс гадна Өвөрмонгол, Дээд монгол, Баруун монгол, Халимаг, Буриадад олон тооны сүм хийд байсны дээр номч эрдэмтэн мэргэд олноор төрж байсан нь дамжиггүй билээ. Монголын номын мэргэдийн яруу алдар арван зүгтээ бадран дэлгэрэх болтугай.

И-мэйл Хэвлэх PDF

Сайн шавийн тухай буддист үзэл ба орчин үе

 

Түлхүүр үг: Буддизмийн ёс зүйн үзэл, шавь хүн, үүрэг хариуцлага, шинж чанарууд

Товч агуулга: Манай оюутан, багш нарын дунд сайн шавь гэдгийг хэрхэн ойлгож байгаа. Мөн Буддизм дахь шавъ хүний үүрэг, баримтлах ёстой ёс суртахууны хэм хэмжээний асуудал нь одоогийн манай нийгэм дэхь оюутнууд багш нартайгаа харшцах харилцаанд хэрхэн нөлөөлж болох, тэдгээрийг бид авч хэрэгжүүлэх боломж байгаа эсэх талаар өөрийн хэмжээнд судлах зорилго тавилаа.

Дэлгэрэнгүй...
И-мэйл Хэвлэх PDF

МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ ЁС ЗҮЙН СУДАЛГААНЫ ТОЙМ

Хураангуй: Монголд бурханы шашин нь 1. Хүннүгийн үе, 2. XIII зууны дунд үе, 3. XVI зууны II хагас гэсэн гурван үед дэлгэрч байсныг манай түүхч, судлаачид нотлон өгүүлсэн байдаг. Бидний өвөг дээдэс Энэтхэг, Төвдийн шашин соёлын сонгодог өв сан болох "Эрдэнийн сан субашид", "Барамидын магтаал", "Бодъ мөрийн зул", "Бодь мөрийн зэрэг", "Модны шастир, Усны шастир", "Орчлонгийн сав шимийн дуулал", Нагаржунагийн "Ардыг тэжээхүй дусал"зэрэг олон арван ёс зүйн сургаалыг XIV зуунаас хойш орчуулж тайлбарлан бидний үед уламжилжээ. Тиймээс "Дэлхийн Буддын судлалд Энэтхэгийн, Төвдийн, Хятадын, Японы гэх зэргээр онцлон нэрийддэг шиг Монголын бурханы шашин гэж зүй ёсоор ярих үндэстэй" гэсэн олон судалгааны үр дүнд үндэслэн Монголын бурханы шашны уламжлалд ёс зүйн сургаал нь гол байр сууръ эзлэх учиртай гэж бид үзэж байна.

Ялангуяа Бурханы шашны гуравдугаар дэлгэрлээр өрнөсөн Монголын "сэргэн мандал" нъ нийгмийн оюун санааны амьдрал, тэр дундаа ёс суртахууны үнэлэмжийн өөрчлөлтөөр тодорхойлогдоно. Учир нь сүм хийд бүрийн дэргэд шашны сургууль дацангуудын бүтээн байгуулалт өрнөж, ёс зүйн сургаалын зохиолын тоо ч урьдынхаас нэмэгдэж байжээ. Энэтхэг, Төвдийн мэргэдийн зохиол бүтээлээс ишлэсэн, дууриасан ёс зүйн сургаалыг Монгол эрдэмтэн лам нар Төвд хэлээр зохиох нь олонтой болж байсан нь ихэс дээдсээс эхлээд эгэл жирийн олонд Бурханы шашны ёс зүйн сургаалаар дамжин түүний зан үйл, номлол түгэн дэлгэрэхэд хүргэжээ.

Академич Ч.Жүгдэрийн "Монголд буддизм өргөн дэлгэрсэн үе буюу тайлбарлах үе " гэж нэрлэсэн ХУ1-ХУШ зууны үед бурханы шашин нъ монгол түмний нүүдэллэн аж төрөх ёс хийгээд ёс заншилд нэвчин шингэж чадсан байна. Чингэхдээ манай бичгийн мэргэд Энэтхэг, Төвдийн буддын ёс зүйг уламжлан авч түүнийг цаашид хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулжээ. Бид энэхүү итгэлдээ Монголын бурханы шашны ёс зүйн түүхэн уламжлал, ёс зүйн сургаалын нийтлэг тал, эх сурвалжийн судалгааны тоймыг авч үзлээ.

Монголын буддизмыг Өндөр гэгээний сургаал туурвилаас эхлэлтэй гэж үздэг билээ. Судалгааны бүтээлүүдээс үзэхэд, монголын бурханы шашны ёс зүйн сургаалыг 1. Энэтхэг, төвд хэлнээс орчуулсан сургаалийн зохиолууд, 2. Монгол сэтгэгчдийн бичсэн сургаалын зохиолууд гэж ангилан үзэж болох юм.

Орчуулгын зохиолын үнэ цэнийн талаар эрдэмтэн Ш.Бира өгүүлэхдээ: Төвд, Монголд сургаалын зохиолын төрлийг буй болгосон "Нитишастра" гэдэг төр ёсны найман зохиол болон "Үүлэн зардас" хэмээх хайр сэтгэл, утга уянгын найраглал монгол Данжуурт байгаа. Эдгээр нь манайд орчуулагдан хэрэглэгдэж байсны хувьд сэтгэгчдийн сургаал, ардын аман зохиол зэрэгт нөлөөлсөн байх утгаараа холбогдох учиртай. Төрийн найман шастарын хувьд "Зуун билиг" хэмээх сайн номлол, "Билгийн гол модон", "Рашааны дусал", Равигуптагийн зохиосон "Сайн үгсийн сан", Варручигийн "Зуун шүлэг хэмээх шастар", Амаршаваршагийн зохиосон "Хиргүй асуусны хариу эрдэнийн эрхи", Чанакьягийн зохиосон "Занагарын төрийн шастар", Масуракшагийн зохиосон "Төрийн шастар"-аас сүүлчийн хоёр нь буддын сургаал бол бусад нь буддын шашнаас өмнөх үеийн "Нитишастар" буюу сургаалын шастар, "Артхашастар" буюу утгын шастрын их уламжлалтай шууд холбоотой ажээ. Ялангуяа Нагаржунагийн "Ардыг тэжээхүй дусал", эртний Энэтхэг сургаалын үлгэр загвараар Сажа бандид Гунгаажалцангийн зохиосон "Субашид" хоёр Монголд үлэмж тархсан байв. Эдгээр сургаалын зохиолд Монголчууд тайлбар зохиол бичих буюу тэдгээрийн үлгэр загвараар өөрсдийн сургаалын зохиол бичих явдал дэлгэрсэн байжээ2 хэмээн дүгнэсэн байдаг. ХVIII-ХХ зууны эхэн үед тэд бурханы шашин, философийн бүтээлүүдийг судлан тайлбарлах явцдаа өөрсдийн бүтээлч оюун ухаанаар шинэ шинэ санал дүгнэлт баталгаа, нотолгоо баримт сэлт гарган өгүүлсэн нь цөөнгүй аж. Ялангуяа "Эрдэнийн сан субашид" бол доктор Д.Дашжамцын дүгнэснээр хос ёсны үзлээр ёс суртахууны бүтцийг танин мэдэж ухаарахыг номлосон байдаг.

Одоогоор судлаачид хоёр зуу гаруй монгол хүн төвд хэлээр зохиолоо бичиж байсан гэж тогтоожээ. Тэд нэг ботиос хэлээд 30 хүртэлх боть зохиолыг төвд хэлээр бичсэн нь бичмэл болон бараар Монгол, Хятад, Төвдөд ихэд тархжээ.3 Ийм их оюуны сан хөмрөг бүтээх үйлд XVIII зууны (1742 онд) нэрт гүүш Жанжаа хутагт Ролбийдорж, Шаравжамц, Гомбожав, Агваандампил нарын зохиосон "Мэргэд гарахын орон" хэмээх төвд-монгол нэр томъёоны толь бичиг онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Өөрөөр хэлбэл, үүний ялдамд буддын ёс зүйн нэр томъёоны орчуулга, тайлбар ч цэгцэрсэн нь сургаалуудаас харагдаж байна.

Монголын буддын сэтгэгчдийн ёс зүйн сургаалын бичлэгийн арга зүйд холбогдох нэгэн сонирхолтой дүгнэлтийг доктор С.Дулам өгүүлэхдээ: "Энэтхэгийн судрын аймаг савын үргэлжилсэн үгийн зохиолын гол төрөл зүйл нь цадиг, судар (буддын сургаалыг харилцан ярилцаж өгүүлсэн) хоёр ажээ... Юуг дүрслэх гэж буй, ямар нөхцөл байдлын тухай гарах гэж буйгаас хамаараад тогтсон үг хэллэгээр өгүүлэх нь журам болсон байдаг. Иймд найруулгын гол арга хэрэглүүр нь давтал юм. Энэ нь өгүүлбэр зүйн олон зэргэд бүтэц буй болгон сургаал номлолын дахин давтагдсан тусгай айзам буй болгодог байна"4 гэжээ. Энэтхэгийн уран зохиолын найруулгын ийм аргыг манай бурханы шашны мэргэд өөрсдийн бүтээлдээ өргөн ашиглажээ. Тухайлбал, чөлөө учралт хүний бие, мэргэн, тэнэгийн явдал, үйлийн үрийн тийн боловсрол, хоёр түйтгэр, аливаа тус амгалан бүгдийг бүтээх, шавь нь багшийн зарлигаар яв, оюун мэдэл төгс, бодь сэтгэл онох, хэзээд үйлийн үрийг бодох, дээдийн ном, сэтгэлээ болгоомжлон явах (шинжих), биеэ хичээнгүйлэх зэрэг ойлголтуудаас эхлээд өгүүлбэр, бүтэн мөр бадаг, бичвэрийг давтах нь элбэг тохиолдоно. Гэхдээ зохиогчид эдгээр ойлголтыг өөр өөрийн үзэл бодлын өнцгөөс баяжуулан тайлбарласан нь манай бурханы шашны ёс зүйн онцлогийг харуулах учиртай юм.

Манай буддын сэтгэгчдийн их таван ухааны чиглэлүүдээр (урлахуй, тэжээхүй, дуун, учир шалтгаан, дотоод ухааны буюу буддын шашны гүн ухаан) бичсэн зохиол бүтээл нь мөн ёс зүйн асуудлыг давхар тусгажээ. Урлахуйн ухааны гол судлагдахуун уран дүрслэх ухаан, гоо сайхны таашаал, мэдрэмж тэжээхүйн ухаанд биеэ эрүүл зөв авч явах, дуун ухаанд зөв үг хэлэх, зөв сэтгэх, учир шалтгааны ухаанд танин мэдэхүйг ёс зүйтэй уялдуулсан байх юм. Академич Г.Лувсанцэрэн "Монголын буддизмд бие, хэл, сэтгэлийн ариун ёсыг баримтлахыг эрхэмлэж, энх амгалан, эв зохицолтой, шударгаар аж төрөхийн ёс суртахууны зарчмыг тодорхойлон мөрдлөг болгодог"5 хэмээсэнтэй бид санал нэгдэж байна.

XVI зууны үеэс буддын ёс зүйн сэтгэлгээний гол эх сурвалж болох "Барамидын
магтаал", "Бодь мөрийн зул", "Бодь мөрийн зэрэг"-ээр дамжуулан зовлонгийн
шалтгаан хийгээд түүнээс ангижрах арга зам, нисванисыг дарах тухай, их билигтний
арга мөрийн тухай, би-г баримтлах нь буруу үзлийн шалтгаан болох тухай, эхийн ачийг
хариулах лугаа адилаар ертөнцийн бүхий л юмс, үзэгдэлд энэрэн нигүүлсэхүй
сэтгэлээр хандах, буяны ёсонд сургах багшийг шүтэх ёс зэрэг нь өргөн дэлгэрчээ.

XVII зууны сүүл үеэс Монголчуудын дунд Буддын шашин дангаар ноёрхох
үндэс тавигдаж шарын шашны ёс дэлгэрч байсны дотор гэлүгва ёсны гол онцлог болох
бурхан болох зам мөрөөр хөтлөх багш шавийн ёсны сургаал байв. Мөн үед Монгол
орон харийн түрэмгийлэгчдийн захиргаанд орж ард түмний үндэсний ухамсар, эх
оронч үзэл алхам алхамаар сэргэхэд Халхын Өндөр гэгээн Занабазар (1635-1723),
Ламын гэгээн Лувсанданзанжанцан (1639-1704), Халхын Зая бандида Лувсанпринлэй
(1642-1715), Цахар гэвш Лувсанчүлтэм (1717-1766) зэрэг олон сэтгэгчдийн үзэл санаа
нөлөөлж байв.

Өндөр гэгээн улс хоорондын зөрчлийг бусдад гэм хор учруулахгүйгээр асрахуй, энэрэхүй сэтгэлийг хатамжлан хүлцэхуйг, Лувсанпринлэй хос ёсны сургаалдаа мөн чанарью бие, бурханы ёс, зохист зэрэг ойлголтуудыг, Цахар гэвш Лувсанчүлтэм бурхан болох мөрд бие, хэл, сэтгэлээ зориулах, өөрөө өөрийгөө танин мэдэхүй, номоос алгасалгүй явахын ач тус ба хос ёсонг, Лувсанданзанжанцан йогачара ёс зүйн үндэс, бодь сэтгэлт хуний мөн чанарыг тус тус онцлон үзсэн байна. Үүний хамтаар ёс суртахууны асуудлыг улам бүр нарийвчлан үзэх болж түүний хэм хэмжээ, зарчим, үнэт зүйлийг тусгайлан тодорхойлж гарын авлага хэлбэрээр олны хүртээл болгож байсны жишээ бол Лувсан гэвшийн эмхэтгэсэн олон зүйл сургаал болно.

Харин Х1Х-ХХ зууны үед Их хүрээний Хамба номун хан Агваанхайдав, Агваандандар, Данзанравжаа, Данзанваанжил, Ишсамбуу, Цанид ловон Шагдар нарын шашны доройтол, нийгмийн ёс суртахуунгүй явдлыг шүүмжилсэн шүлэг, сургаал зохиосноос гадна эртний Энэтхэгийн Шантидэва гэгээний айлдсан "Бодьсадвын явдалд орохуй" шастарт Монголын бичээч цорж Агваандорж, Бэйлийн ламтан Агваандамба, Оргиочийн лам Лувсанбалдан гавж, Чойнзон цорж нар тайлбар зохиож төвд хэлээр бичсэн байна. Тухайлбал, XIX зууны Оргиочийн лам "Бодьсадвын явдалд орохуй шастрын үг утга бүхнийг тодруулан үйлдэгч сайн хувьтны орох олом" (Дугуйт тайлбар) хэмээх бүтээлийг туурвисан нь томоохон амжилт байлаа. Түүнчлэн Алшаа лхарамба Агваандандар ёс суртахууны үйлдэл, харилцаа, ухамсрын үзэгдлийн холбоо хамаарлыг илэрхийлэхдээ буддын танин мэдэхүйн эсрэг тэсрэг талууд бие биенээ нөхцөлдүүлэн оршдог хэмээх үзэлд үндэслэсэн байна. Их хүрээний Хамба номун хан Агваанхайдав бурханы шашныг жинхэнэ ёсоор хөгжүүлвээс нийгэмд бугшсан шударга бус, хариуцлагагүй, идэвхигүй байдлаас ангижруулах нэгэн арга зам мөн гэсэн үзэл санааг дэвшүүлсэн. Ноён хутагт Равжаа цөвийн цаг нь хүмүүсийн ёс суртахууны доройтол гэж үзээд түүнийг хэрхэн даван туулах тухай сургаалыг айлджээ.

Академич Ч.Жүгдэр, Г.Лувсанцэрэн нарын зохиол бүтээлүүдэд энэ үед буддын шашныг жинхэнэ ёсоор нь хөгжүүлэх үзэл санаа илэрснийг Монголын буддизмын шинэтгэх чиглэл гэж үзсэн билээ. Чухамдаа ийм шинэтгэлийн үзэл санаа нь нийгмийн ёс суртахууны асуудалд төвлөрч, үнэлэлт дүгнэлт өгөн, аливаа гэмт, муу явдлын сэдэл шалтгааныг тоочих, сэрэмжлүүлэх, шударга шүүмжлэх аргаар илэрч байсныг тухайн үеийн олон арван ёс зүйн сургаалаас мэдэх бололцоотой.

XX зууны эхэн үеийн монголчуудын оюун санаанд уламжлалт хийгээд буддын шашны, үндэсний ардчилсан үзэл санаа зэрэгцэн оршиж байв. Тэр үеийн ёс зүйн сургаалуудад улс орны тусгаар тогтнох эрх, нийгэм, улс төрийн шинэ чиг хандлагыг зөв тогтоохыг ёс суртахууны үүднээс ухамсарлахыг сургажээ. Өөрөөр хэлбэл, буддын шашны ёс зүйн үнэт зүйлийг агуулсан нийгэм, оюун санааны шинэ чиг хандлага бүхий иргэний шинжтэй сургаал зонхилох болжээ. Тухайлбал, VIII Богд Жавзандамба, Дандаа Дэмчигдорж, Агваанданзанням, Бат-Очир нарын айлдал, сургаалыг хэлж болно.

XX зууны эхэн үед үндэсний тусгаар тогтнолоо хамгаалан улс орноо хөгжүүлэх зорилт энэ үеийн гол шинж болж байсан учраас ёс зүйн сургаал нь бие хүний нийгэмшлийг онцгой анхаарч, нийгмийн шинэ үзэл санааг сэнхрүүлэхийн тулд буддизмээр баяжуулан ашигласан нь онцлог юм. Тухайлбал, Агваанчойжирдондүв бээр Бурханы суртал, тэнгэрийн ёс, улсын хууль, үйлийн үртэй харшлах хэрэг ямагт ихэсч буйд анхааралтай хандах нь зүйтэй хэмээн тухайн нийгэм дэх хууль зөрчих болон ёс суртахуунгүй үзэгдлийг бодитойгоор тодорхойлон бичжээ.

Дарба бандид хувилгааны "Ард түмний ариун ёс хэмээх шастар" нь нийгмийн бүтцэд нэлээдгүй хувийг эзлэж байсан лам хуврагууд ба сүсэгтэн олны шүтлэг бишрэлд үндэслэн шинэ төрийн бодлогыг сурталчлан таниулахын хамт, ёс суртахууныг онцлон анхаарахыг сургаснаараа тухайн үеийн нийгэм-улс төрийн төдийгүй ёс зүйн сурвалж болж байна. Улмаар лам хуврагуудын сахил санваарын ёсыг жирийн ард иргэдийн "дотоодод хүсэл дуршлаар халхлагдсан" сэтгэл санааг ариусган номхруулахад, төрийн түшээдийг энэрэн нигүүлсэхүй сэтгэлээр засахад ашиглаж болохыг өгүүлжээ.


1990-ээд оноос хойш академич Г.Лувсанцэрэн, Д.Цэрэнсодном, Г.Лхагвасүрэн, Л.Хүрэлбаатар, Д.Дашжамц нарын бүтээлд монгол сэтгэгчдийн ёс зүйн сургаалуудыг судлан тэдгээрийн үнэ цэнэ, ач холбогдлыг тодруулан гаргаж ирснийг тэмдэглэх ёстой.

Мөн БНЭУ-аас манай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, бидний дунд «Элчин багш» гэж алдаршсан шашин, соёлын зүтгэлтэн Бакула Ренбүүчий (1919-2003), Дээрхийн гэгээн XIV Далай лам, Түвдэн Зопа ринбүүчий зэрэг бурханы шашны орчин үеийн нэртэй төлөөлөгчид манай оронд айлчлан сүсэгтэн олонд айлдал, сургаал тавьж тэдний зохиол бүтээл орчуулагдан олны хүртээл болсон нь буддын шашин дахин сэргээд удаагүй байгаа бидний хувьд чамлахааргүй ололт юм.

Энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд Бакула Ренбүүчий манай оронд буддын шашныг дахин сэргээх их үйлийг бүтээх явцдаа сүсэгтэн олонд буддын шашны мөн чанар, гүн итгэл бишрэл төрүүлэхийн ач тус, арван цагаан буян, арван хар нүглийн учир, үйлийн үр, архи, тамхины хор уршиг зэрэг олон сэдвийг хамран өгүүлж байжээ.7 Тэрбээр Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурлыг удирдаж байхдаа бурханы сайн зарлиг, асрахуй, нигүүлсэхүй, бусдыг хөнөөхийг тэвчих, өөрийгөө бусадтай тэгш үзэхүй гэсэн таван үндсэн зарчмыг шамдангуй гардан үйлдэж жигдрүүлбээс ертөнц дэх цэргийн хямрал тэргүүтнийг амарлиулж чадна8 хэмээн энх тайвнаар оршихуйн үндсэн зарчмыг буддын ёс зүйгээс үүтгэн үзээд бурханыг, хүнийг, номыг, эх орноо, түүхээ, эх байгалиа, гоо сайхныг биширч чаддаг хүнд амьдрал нь учир утгатай болдог гэдгийг айлдан сэтгэл санаагаар өөдрөг тэнүүн байхыг зөвлөж байв. Чухам бид ийм арга барилаар бурханы шашны мөн чанарыг түгээн дэлгэрүүлэх нь зүйтэй юм.

ДҮГНЭЛТ

Монголын бурханы шашны ёс зүйн онцлогийг сэтгэгчид буддын ёс зүйн үндсэн ойлголт, хэм хэмжээ, зарчмыг монгол хүний сэтгэл зүй, аж төрөхүйд нь нийцсэн ойлголт ухагдахуун, үзэл санаагаар найруулан баяжуулж туурвисан зохиол бүтээлүүдээс нь мэдэж болно. Эдгээр нь бурханы шашны ёс зүйн сургаал нийгмийн оюун санааны эрэлт хэрэгцээг тусган боловсорч, шинэ цаг үедээ нийцсэн агуулгаар өргөжин тэлж байдгийг харуулж байна.

Монголын буддистуудын сургаал нь ёс суртахууны философийн "Юу сайн бэ?, Сайн гэж юу вэ?, Сайн гэж юу гэсэн үг вэ?" зэрэг үндсэн асуултанд шашны болон иргэний үүднээс хариулан тодорхойлж байжээ. Тухайлбал, Анги Шагдар, Гэндэн мэйрэн, Агваанпринлэйжамц, Дандар аграмба, Агваанданзанням нарын болон бусад сэтгэгчдийн бүтээлийг бүрэн эхээр нь төвд хэлнээс орчуулж судлах нь цаашид үндэсний ёс зүйн сэтгэлгээний түүхийн судалгааг өргөн дэлгэр агуулгатай болгох юм. Иймд монголын буддын сэтгэгчдийн төвд хэл дээрх бүтээл туурвилыг орчуулах, нарийвчлан судлах ажлыг эрчимжүүлэх нь манай судлаачдын өмнө зүй ёсоор тавигдаж байна. Ялангуяа тэдний ёс зүйн сургаалаас Энэтхэг, Төвдийн сонгодог сургаал, үзэл санааг хэрхэн гүнзгийрүүлж, баяжуулж ирсэн бэ? гэдгийг тодруулан гаргаж, эдүгээчлэн тайлбарлаж, нийгмийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр ашиглах нь зүйтэй юм.

Манайд бурханы шашин нийт шашин шүтлэгтэй хүн амын 80 орчим хувийг хамарч байгаа9 бөгөөд энэ нь түүний ёс зүйн сургаал, мэдлэг иргэдийн ёс суртахууны хүмүүжил, төлөвшилд ихээхэн ач холбогдол үзүүлэх бололцоотойг харуулж байна. Гэтэл манайд бурханы шашны ёс зүйг олон түмэнд таниулан сурталчлах ажил хоцронгуй байгаад шүүмжлэлтэй хандаж, түүний сургаалыг танин мэдэхүй, ёс зүй, сүсэг бишрэлийн үүднээс цогцоор нь таниулвал хүнлэг, шударга ёс суртахуутай иргэн төлөвших, уламжлалт соёлоо хадгалж үлдэх, хүний хөгжил, эко системийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

И-мэйл Хэвлэх PDF

" Уламжлалт бурханы шашин ба нийгмийн ёс зүй"

...Үлэмжийн чанар төгөлдөр

Өнгө нь тунамал толь шиг

Үзэсгэлэнтэй сайхан царайг тань

Үзээд үзээд ханам үгүй ээ...

Энэ л төгөлдөр тансаг аялгууг сонсох бүрт оюуны цангаа сэтгэлийн зовлон мэдэгдэхүйцээр тайлагддаг.

Тиймээ Монголын суут хүмүүн Д.Равжаагийн энэхүү бүтээл нь хүмүүн та бидний сэтгэлийг амраан бодлыг ариусгагч,оюуны алжаалыг тайлагч гэдэгтэй өв соёл,уламжлал заншлаа эрхэмлэгч хэн бүхэн санал нийлэх бизээ.

Гагцхүү даяаршин буй өнөөгийн нийгэмд монголчууд ,тэр дундаа залуучууд бид хэрхэх вэ?Даяаршиж байна гээд түүх соёл, өв уламжлалаа уландаа гишгэж,эх болсон байгаль дэлхийг хилэгнүүлэн сүйтгэсээр байхуу?Ардчилсан эрхээ хэтрүүлэн хууль журмыг уландаа гишгэсээр хүссэнч хүсээгүй ч дам болон шууд замаар тамхины цэнхэр утаанд толь шиг тунамал өнгийг доройтуулж,үзэсгэлэнтэй тунгалаг царайг үзлийн муухай болгох уу?... Энэ мэтчилэн цуврах асуултын тэмдгийн хариуд хувийн бодолоосоо илэрхийлэхүйд ийн өгүүлэх байна.

Амьд амьтан бүхэн тэр ялангуяа хүн төрлөхтөн зөвхөн жаргалаас өөрийг хүсдэггүй билээ.Түүгээр зогсохгүй өөрсдийн хүсэж буй амгалангаа бии болгох элдэв янзын арга замуудыг хэрэглэх эрхийн хувд ч ялгаагүй тэгш байдаг.Гэвч эдгээр аргуудыг хэрэглэхдээ бусдын эрхийг үл тоомсорлож, тэдний зовлон дээр нь зовлон нэмэх нь ёсонд хазгай юм.Өнөө үед Хууль ёсны бус зүйлс эрс нэмэгдэж байна,Монголын хууль 3 хоног үйлчилдэг,санаачлан боловсруулсан зүйлс нь ихэвчлэн цаасан дээрхээс цаашгүй гэхчлэн дээрээс доош шат ахих тусмаа доройтож байгаа ч аливаа зүйл сайн ба муу хар ба цагаан хослодог нь ертөнцийн бичигдээгүй хууль агаад аливаа зүйлсээс сайныг нь аваад саарыг нь залруулах нь зүйн хэрэг.Гэвч 6 бүлэг 70 зүйлтэй Монгол улсын үндсэн хууль эсвэл 7 бүлэг 52 зүйлтэй Эрүүл мэндийн хуулийн хэрэгжилтийн үр дүнг нийгэм өөрөө та бидний өмнө бэлхнээ илэрхийлж байна.Бидний хувьд асуудалд зөв хандах нь чухал.Үр дагаварын тухайтад ойрын ба алс хэтийн хоёрыг ялган алс хэтийн үр дүн нь чухал байдаг тул даруйдаа тустай боловч хэтдээ уршиг тарих зүйл бол гэм хорыг нь тухайлан үзэж анхнаасаа хийхгүй байвал зохионо.Иймээс болохгүй байгаагаа оюун ухаант хүнд л байдаг онцгой билиг ухааныг ёс журмын дагуу хэрэглэх юм бол алсыг харсан хэрэгжиж болохуйц хууль эрхийн орчин буй болгон,зөвхөн ярьж бичиж бус зөвөөр хийдэг ирээдүй өөрөө цогцлох буй.Тиймийн тул уушигны өвчний үүсгэгч үндсэн хүчин зүйл бологч тамхины тухай хуулийг та бид яг одооноос эхлэн мөрдлөг болгоцгооё. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон өдөр тутмын ярианы орчин үеийн сэдвийн нэг нь газар хөдлөлт.Хүйн холбоотой байгал эхийн ааш аяг жилээс жилд өөрчлөгдөн буй нь хэн бүхний өмнө илхэн бөгөөд гадаргын усны хомсдолдэлхийн дулаарал,хорт бодисын тархалт сэтгэлийг улам илүүтэйгээр түгшээж байна .Мөнөөх л даяаршлын эриндэх бидний хийж буй үйлдэл бүрээс энэ бүх өөрчлөлтүүд хамааралтай.Эд материалын хөгжил өндөр түвшинд хөгжсөнөөр сайн үр дагавараас гадна сэтгэлийн болоод бодит зовлон багагүй байдаг.Энэ нь бид өөрсдөө хийгээд байгаль дэлхий оньсон хөдөлгүүрийн бүтээгдэхүүн биш тул дотоод сэтгэлийн үүднээс эх дэлхийтэйгээ харыдаж энгийн жишээ болохуйц тэр л хүн амын өсөлтөөс ч хурдацтай байгаа усны хэрэглээг хязгаарлахаас эхлүүлье. Орон сууцны гоожуураас нэг секундэд 200 мл ус гоождог. Таван секундэд нэг литр ус үргүй зарна гэсэн үг. Нүүр гар, шүдээ угаахдаа усаа тэр чигээр нь гоожуулдаг гэвэл нэг минут онгойлгоод 12 литр ус урсгаж,аяга таваг угаахдаа 10 минут гэж үзвэл 120 литр хэрэглэнэ,бие зассаны дараа 10 литр гэхчлэн үргэлжлэх үргүй зардлыг бууруулахын тулд гоожуураа зогсоцтой ажиллуулъя.энэ бол энгийн оновчтой алхамын нэг.

Зовлонгийн үнэн,Түүний уг болох бүхний үүдлийн үнэн,3овлонг тэвчсэн хорихын үнэн,Тэрхүү хорихуйд аваачих мөрийн үнэн зэргийг бурхан багш анхны номын хүрдийг эргүүлэх үедээ номлосон байна.Бүхнээ түгээмэл үйлийн үрийн агуулгыг энэхүү дөрвөн үнэний номын хүрдээр өөрийн дотоод мөн чанарыг таньж тэдгээр хүч чадлыг хэрхэн улам хөгжүүлэх арга замыг сэдэх нь маш чухал юм.Бидний бие хэл сэтгэлийн ямарч үйл ажил байлаа уламжлалт бурханы шашинтай салшгүй холбоотой. Сонгомол жишээ ньдээр өгүүлсэнчлэн хууль ёс байгал дэлхийд хандах бидний хандлага буюу сэтгэлийн амьтан гэгдэх хүмүүний хийсэн үйл бүхнээс шууд хамаарч байна.Иймээс амар амгалан, зовлонгийн шалтгааныг мэдсэнээр Бурханы шашинтнууд амар амгаланг үйлдэн зовлонгийн шалтгааныг орхин Чухаг дээд Гурван эрдэнэ болох Бурхан,Ном,Хуврагийн чуулгандаа аврал одуулан амгалантай хэрхэн учрах зовлонгоос хэрхэн ангижрах тухай Бурхан багшийн сургаалийг дагадаг билээ.

Гэтэл манай улсын нэгэн нийтлэлч: товчдоо, шарын шашин бол Бурханы шашны "буруудсан хэлбэр" мөний учрыг лам хуврагуудын хийдэг засал гүрэм дором бөөгийн шашинтай холилдсон байдал, ерөөс Монголчуудийн жинхэнэ шашны философийг ойлгох чадвар, өгөгдөл үгүй байсантай холбон тайлбарлаж,

: "...Манал Бурхан ч эмчийн ёс зүйг заадаг, өнөөгийн ойлголтоор Хиппократын тангараг болохоос эмчлэн эдгэрүүлэх далдын шид үгүй. Тарвачимбо, Жадамба Банзрагч гэх мэтийн номыг тангадаар нь уншихаар үл ойлгогдох тэр чимээг сонсоод хүнд ямар өөрчлөлт гарах вэ?" "Суврагыг анх Энэтхэгчүүд бодож олжээ. Буяны гэхээсээ сеифний зориулалттай байсан нь сонин. Тэнд номоо хадгалж, хожим маргаан гарвал тэндээс судраа гарган тулгадаг байж. Сувраганд ямар ч ид шид байхгүй..."хэмээсэн.

Энэ нь эдүгээс 2550 жилийн тэртээ бурхан багш Шагжамүни дэлхийн гол хүйс Энэтхэг орноо заларч, язгуур, бишрэл адилгүй олон шавь нартаа таарсан найман түм дөрвөн мянган тоот номын хүрдээ эргүүлснээс эхлэн, Богд Зонхабын Гэлүгвийн ёс XVI зуунд

Монгол оронд дэлгэрч Төвдийн алдарт гурван их сургуульд боловсрол эзэмшсэн Монголын мэргэд Их хүрээнд Дашчойнпэл, Гунгаачойлин, Идгаачойнзинлин гэсэн гурван их сургуулийг байгуулснаар Их хүрээ бурханы шашны боловсрол, соёлын төв болж, улс орны түүхтэй салшгүй хөгжиж гурвантаа дэлгэрч буй уламжлалт шашны талааархи өөрийн ташаа мэдээллийг орчин үеийн залууст түгээж буй сөрөг талтай зүйлийн нэг нь юм.

Иймээс өвөг дээдсээс уламжлан ирсэн авах гээхийн ухаанаар болгоож,амгалангийн шалтгааныг заасан эм адил сургаалиа бидэнд хайрласан Бурхан багшийнхаа айлдварыг даган

Зохисгүй үйлийг үл үйлдэн

Төгс буяныг хураан баясаад

Сэтгэл оюунаа бүрэн номхотгоё!

И-мэйл Хэвлэх PDF

Нийгмийн сэтгэл зүйн байдал, сэтгэлийн хямралыг даван туулах арга зүйд асуудал дэвшүүлэх нь:

 

Амьдралд тохиолдох янз бүрийн нөхцөл байдлаас сэтгэлийн тайван тогтвортой байдал алдагдаж сэтгэл хямрал буюу \сөрөг урвал\стресс,түүнээс үүсэх бусад өвчин нь өнөөдрийн нийгэмд зонхилж байна. Үүнд:

1.Сэтгэлийн хөдөлгөөн талаас: Сэтгэлийн тайван амгалан байдал алдагдах, хүлээц, тэвчээргүй, уур бухимдалтай болох, түгшүүрлэлд автах, цочимтгой, аймхай болох, сэтгэл тогтворгүй болох, харамсах сэтгэлд автах, гутарч гуниглах, сэтгэлээр унах, уй гашууд автах, ирээдүйд итгэх итгэл алдрах, арчаагүй үхээнц дорой байдалд орсон мэдрэмж төрөх.

2. Танин мэдэхүйн талаас: Анхаарал сарних, бодол санаа орон гаран болох, шийдвэр гаргах чадвараа
алдах, орчны баримжаа хурц үедээ алдрах.

3. Төрх үйлийн талаас: Төрх үйл өөрчлөгдөх \унаган болон нийгмийн\, нийгмээс өөрийгөө тусгаарлагдах, хооллох г.м биологийн хэрэглээний хэв загвар өөрчлөгдөх.

4. Бие махбодийн талаас: Ядрах, нойр хямрах, хар дарах, толгой өвдөх, толгой эргэх, булчин
чичирхийлэх, хөлс гарах, амьсгал түргэсэх, зүрхний цохилт олшрох, цусны даралт ихсэх, огиулах,
гүйлгэх, шээс ойр ойр хүрэх, биеэр тууралт гарах, ходоод гэдэсний шархлаа гэх мэт илэрлүүд илэрдэг.

Сэтгэл хямрал бол туйлын их зовлонтой бөгөөд амьдралаа хянаж чадахгүй болох өөдрөг сэтгэлээ алдах, жаргалыг мэдэрч чадахаа болих шинжийг агуулдаг. Ойр дотныхноосоо үхлээр хагацах, өвчлөх, ажилгүй болох, заримдаа сэтгэцийн хэвийн бус хямралд орох зэрэг нь сэтгэлийн хямралын урьдчилсан байдал болох талтай. Тэгвэл: Эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх бэ? гэдэг асуулт эндээс гарч ирж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгуулгаас тодорхойлсоноор эрүүл хүн гэдэг нь бие физиологи, сэтгэл зүй, нийгмийн байдал тэгш төвшин байхыг хэлнэ гэсэн бол Дорно дахины уламжлалт анагаах ухааны " Анагаах ухааны эмийн 4-н үндэс" \Жүд-ши\ зохиолд: Холын уг шалтгаан болох мунхаг\мариг\-аас ойрын уг шалтгаан болох хүсэл тачаал\шунал\,уур хилэн, мунхагт сэтгэл төрж хямралдаагүйгээр хий, шар, бадган, 7 тамир, 3 хир нь илүүдэх, дутуудах, буруудахын нөхцөлөөр болоогүй тэнцвэртэй оршихыг эрүүл хэмээн тодорхойлсон байдаг. Тэгэхлээр УАУ-нд аливаа өвчин эмгэг нь муу сэтгэлээс үүсдэг гэж үздэг байна. Үүнтэй нэгэн адил орчин үед Психосоматик анагаах ухаан нь өвчтөнийг эмээр "бөмбөгдөж" эмчлэх бус, гагц сэтгэл зүй нь биеийн өвчин үүсэх, өвчнийг эмчлэхэд ямар их ач холбогдолтой болохыг ойлгуулж өөрийнх нь сэтгэл зүйгээр эмчлэхийг гол болгож байна. Энэ нь сэтгэл зүйгээ зөв удирдаж сурснаар өөрийгөө зөвхөн эрүүлжүүлээд зогсохгүй аж амьдрал, ирээдүйгээ ч өөрчлөх чадвартай юм. Өнөө үед улс төр, нийгмийн байдал, аж амьдрал , янз бүрийн шинэ өвчин тахал г.м олон хүчин зүйл хүмүүсийн сэтгэлийг зовоосоор байгаа нь нийт өвчний 70-80 хувь нь сэтгэл зүйн шалтгаантай гэгдэхэд илэрхий харагдаж байна. Иймээс эдгээр өвчнөөс сэргийлэх, эмчлэх, эмчилгээний үр дүнг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж орчин үеийн шинжлэх ухаанд үзэж байна. Харин бурхны ном сургаальд сэтгэлийн хямралд орох гол шалтгаан бол "би" -г эрхэмлэх буюу өөрийн бие сэтгэлийн жаргалыг өөрөөс бус өөр гаднаас хайдаг. Би -г эрхэмлэх гэдэг нь таныг телевиз үзэх, спортоор хичээллэх, найзтайгаа яриж байх үед эхнэр юмуу нөхөр,өөр нэгэн хүн ямар нэг зүйл гуйхад ундууцахыг хэлнэ. Мөн амттай сайхан хоол идэх, үзвэрийн газар хамгийн тухтай суудал авах, хамгийн сайн дүн авах, нөлөөтэй хэн нэгнээр магтуулахыг хичээх зэрэг хүслийг хэлнэ. Бид бүхэнд байдаг өөрийн амиа бодох энэ өчүүхэн зүйлээс яагаад том айхтар өвчин болох сэтгэлийн хямрал үүсдэг вэ? Үндсэн 2 шалтгаантай. 1-рт амиа бодох үзлээс үүсэх зовлон нь улам арвижих шинжтэй. хүссэнээ авч чадахгүй болох юмуу хүссэнийг нь болиулбал ихэнхдээ тэр байдалд инээд хүрмээр хэтрүүлэн ханддаг. Өөрийгөө тэнэг зан гаргасандаа олонтоо зэмлэж муушаасан ч дараа нь олонтаа давтсаар байдаг. Гэр орон, ажил, клуб, хаа ч амрахаар очсон, ямар ч газар байлаа гэсэн амиа бодох нь таныг бусдаас үргэлж хөндийрүүлдэг. Амьдралд тохиолдсон өчүүхэн бүтэлгүй зүйлүүд хуримтлагдсаар өөртөө итгэх итгэлийг доройтуулан, аз жаргалтай байх бололцоогүй болгож , өөртөө харуусах сэтгэлийн хямралын эргүүлгэнд автдаг.Өөрийн амийг бодсоноос сэтгэлийн хямралтай болох 2-р шалтгаан нь амиа бодсоноор аз жаргал гэгчийг төрүүлдэг өрөөл бусдыг бодох үйлээс хөндийрүүлдэг. өөртөө хэт төвлөрөх нь бусдын тусыг бодох санааг бүрэн хааж, бусдад тустай үйл хийхээ больдог. "би гунигтай байна" "би жаргамаар байна" гэсэн өөртөө төвлөрсөн бодол эргэлдсэнээр гэр бүлийн хүмүүс, найз нөхдийнхөө төлөө санаа тавих нүд харалган болж, тэдэнд тус хүргэхээ больдог бусдаас хариу асрал хайрыг мэдрэх юмуу бусдыг жаргалтай болгосон сэтгэлийн хав баясал үүсэхгүй байснаар өөртөө итгэх итгэл улам доройтсоор байдаг. бусдыг жаргалтай болгосноос үүсэх баясал нь ариун байхын учир нь өөрийн зугаа цэнгэл шиг олон дахин хүсэх, хэзээ ч сэтгэл ханадаггүй ариун бус жаргалаас өөр юм. Бурхан багш сэтгэлийн хямралыг явцуу хүрээнд ялгаварлах байдлаар оношлоогүй. Бид бүхэн бүгдээрээ амиа бодох үзэлтэй бөгөөд түүнд амьдралаа атгуулан бусдыг хайрлах энэрэх сэтгэлээ гээвэл сэтгэлийн хямралын аймшигт замаар орох аюултай сэтгэлийн хямрал нь зовлон, хамгийн хэцүү зовлон юм. сэтгэлийн хямрал бий болоход бидний оролцох тал нь хуруугаараа бурууг зааж зэмлэх явдал бус, хэрвээ шалтгаан нь ө°рийн сэтгэлд байгааг ойлгож чадвал, ерөндөг нь бас сэтгэлд байдгийг Бурхан багш "чи өөрөө өөрийгөө хорлогч дайсан нь мөн аврагч аврал нь юм" хэмээн номлосон адил, сэтгэлийн хямралд өртсөн хүмүүсийн өөртөө итгэх итгэл нь сөнөж үгүй болсныг шинэ үеийн гүн ухааны онолууд "өөрийгөө эхлээд хайрла" үзлээр эдгээхийг эрмэлздэг. Гэхдээ энэ бол шалтгаан болохоос ерөндөг бус. Энэтхэгийн их бандида Шантидэва "та жаргалтай болохыг хүсвэл өөрийн жаргалыг хэзээ ч бүү бод" хэмээн айлдсан. Оронд нь бусдын жаргалыг бодоорой. Хэрвээ тэгвэл би өөрийгөө зовлонгоос хамгаалах хэрэггүй гэж үү? хэмээн асуувал Шантидэва: "өөрийгөө хамгаалахыг хүсвэл бусдыг байнга хамгаалах хэрэгтэй" гэж айлджээ. Бурхан багшийн гаргасан жаргалтай болох эмийн жор нь: өөрийгөө мартан бусдыг хайрлах явдал юм. Хэдийгээр бусдын хайрыг хүсээгүй байсан ч гэсэн гэр орны хүмүүс, найз нөхдөө хичнээн их анхааран халамжлах тусам төдий хирээр биднийг хайрладаг.Хамаг амьтадыг халамжлах энэхүү сэтгэлийн хандлага билэг ухаантай хосолбол бид хэзээ ч зовлонг мэдэхгүй. Бид бага багаар бусдад тусладаг болох хэрэгтэй. Хэлүүлэлгүйгээр хогоо асга, гал зууханд тарьсан хогоо өөрөө цэвэрлэ, бусдын гуталыг цэвэрлэ . Хааяа инээмсэглэж бай. Өөрийн амин жаргалын эсрэг сөрөн зогсох хийгээд хамаг төрлөхтний боол , найз хэмээн өөрийгөө зарлах зориг, шийдвэрийг аажмаар үүсгэ . Үүний дараа , Телевизээр хөл бөмбөг үзсэнээс илүү гал тогоонд бусдын тарьсан хогыг цэвэрлэх нь таныг аз жаргалтай болгоно. Энэ нь сэтгэлийн хямарлыг арилгаад зогсохгүй, амар амгалангийн зам мөрт оруулна. Бас нэгэн томоохон жишээ дурдахад саяхан манай улс төдийгүй дэлхий дахиныг хамарсан томуугийн А хүрээний НШ1 цар тахал тархах үед хүн болгон энэхүү амь насанд хүрдэг өвчин тусах вий... хэмээн айн эмээж, сэрэмжилж зарим нэг нь ч тоомжиргүй хандах хандлага байсан нэг талаас айн эмээж сэрэмжилснээрээ өвчин тусах нөхцөлийг багасгаж өвчин тусахгүй байх боломжтой, нөгөө талаас "Сэжигээр өвдөж, сүжигээр эдгэнэ" гэдэг шиг хэтэрхий айж эмээсэнээр бусад амьдрал ахуйн нөхцөл байдлуудтай хавсран сэтгэлийн сөрөг урвал\стресс\ үүсэн биеийн дархлаа суларч тухайн өвчин тусах магадлалтай байж болох юм. Зарим тоомжир хэнэггүй хүмүүс энэ зангаасаа өвчин тусаж болох ч бас нөгөөтэйгүүр стресст автахгүй байж ч болох талтай тэгэхлээр бид бодол санаандаа юу бодож энэхүү 2 туйлшралаас ангидаар өвчин тусахгүй байж болох вэ? гэвэл мөнөөх "би"-г эрхэмлэх бодол, өрөөл бусдыг бодох бодол 2 юм. Бид цар тахалын үед ахуйн ариун цэвэрийг сахиж, биеийн дархлаа сайжруулах аарц, чацаргана г.м зүйлийг хэрэглэж, амны маск тэргүүтнийг зүүхдээ юу гэж бодож байсан бэ? ... "би өвчин тусах вий, халдвар авах вий..." гэж бодож сэрэмжилж байсан. Харин үүний оронд бид дан ганц би халдвар авах бус бусад хүмүүст тараахаас сэрэмжлэхийн үүднээс бодол санаагаа чиглүүлбэл хавьгүй илүү дээр байх болно.Дан ганц өөрийгөө бодох бодлыг орхиж өрөөл бусдыг бодох бодлоор хандах нь дээрх 2 туйлшралаас хагацсан зөв бодолыг төлөвшүүлэх юм. Аливаа хорлол хөнөөл, дайсан, нян вирус бидний энэ биений гадна бус дотор байгаа юм гаднаас ирж хорлож байгаа биш юм. Мөн ерөндөг эм, аврал маань ч бидний дотор байгаа... бурхан багш: чи өөрөө өөрийнхөө аврал нь бас дайсан нь хэмээн айлдсаныг дахин дурьдан санах нь зүйтэй болов уу...

 

И-мэйл Хэвлэх PDF

1911 оны үндэсний хувьсгалд идэвхтэй оролцсон лам нар


1910 онд VIII Богд Жэвзүндамбын буулгасан лүндэнд Манжаас тусгаарлах цаг болсон тухай айлдсан юм. 1911 оны зун Богд уулын “Нүхтийн аманд” Халхын 4 хаад, ноёд уулзаж ярилцсаны дараахан мөн оны 7-р сард Эрдэнэшанзодвын яамны хашаанд олон ноёд, ихэс дээдэс лам нар цугларч VIII Богдод даншиг мандал өргөсөн байна. Энэ үеэр ихэс ноёд лам нар Манжаас салж тусгаар улс байгуулахаар зөвлөлдөж байсан юм. Билгийн тоололын цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есны өдрийн морин цагт VIII Богд Жэвзүндамба хутагтыг эрдэнийн сууринаа залж шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөв. Энэ нь нийтийн тоололын 1911 оны 12-р сарын 29-ний өдөр тохиосон юм.

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 14, Лхагва гариг, 05:06 Дэлгэрэнгүй...

Хуудас 3-с 2